Тэмдэглэл эхлээд орхидог болсон юм гэж үү би гэж өөрөөсөө асуусаар орж ирэв.
Уул нь би 8-р ангиасаа эхлээд тасралтгүй 10 жил тэмдэглэл хөтөлсөн хүн юм сан.
Зав гарахгүй байна гэсээр сүүлдээ завтай ч бичихгүй байдаг болж гээч.
Тэмдэглэл хүнд маш олон сайхан зүйлс өгдөгийг би өөрийн бие, оюун санаанд гарсан өөрчлөлтөөс харж байна.
Тэмдэглэл хөтөлдөг байсан үеийн би, өнөөдрийн би 2-ын алд дэлэм зөрүү бий.
Юм бодох минь багасч, бодсон бодол минь нэгээс нөгөө рүү шилжиж, бодсон бодлоо мартах нь амархан байх жишээний.
Гэтэл тэмдэглэл хөтөлдөг хүн тэр бүрийдээ тэмдэглэлээ хөтөлж бодлоо бичиж, дараа нь унших тунгаах зэргээр бодлоо баталж, үйлдлээ хянаж байх чадвартай байдаг.
Ямартай ч бичдэг байх үеий би надад илүү таалагддаг байсан юм.
Энэ 7 хоногоос явцын шалгалтууд эхэлж байна.
Эндхийн боловсролын системийг би сайн мэдэж амжаагүй л байна.
Надад энд ирээд хамгийн түрүүнд тулгарсан асуудал миний ичимхий зан байв.
Хирэндээ нээлттэй юм шиг би хаана ч өөрийгөө илэрхийлэх чадамж муу энгийнээс доогуур түвшнийх мэт сэтгэв.
Өөрийгөө өөр хэл дээр илэрхийлэх чадамж надад хасах хувьтай байна.
Хичээл дээр ойлгоогүй зүйлээ асууж чадахгүй байна.
Хичээл дээр мэдэхгүй зүйлс бараг 90 хувьтай тулгарч байна.
Юу сурч юу хийж амьдарч байсан хүн бэ гэж бодтол.
Гэхдээ энд сурч буй зүйлс надад юунд хэрэг болох билээ?
Мастерийн дипломын цаас надад хэрэгтэй учраас уу?
Үнэхээр орж байгаа зүйлсийг би амьдрал дээр хэрэглээд надад ахиц дэвшиц гарах учраас уу?
Эсвэл гэрээсээ өөр газар шинэ орчинд шинийг үзэж харж амьдрал үзэж яваа минь надад хэрэгтэй учраас уу?
Надад энд таалагдаж байгаа ч эндээс би хэрэгтэй зүйлс өөртөө шингээж чадахгүй юм бол энд цагаа үрхийн хэрэг алга ч гэж бодоод амжив.
Тэнд бүлтгэр 2 хүү минь, хань минь, аав ээж минь, эх орон минь, орон гэр, ажил минь байна.
Надад юу хэрэгтэй юм гэж бодход бүхий л хайртай зүйлс нүдний өмнө зурайна.
Уул нь ч бид тэднийгээ санаад сүйд болоод байгаа зүйлгүй л байна л даа.
Өдөр өдөртөө ярьж хөөрөөд хажууд нь байгаа мэт л байна.
Гол нь энд өөрийгөө голхын эрхэнд элдэв бодол тархинд зурайна.
Хичээгээд хүнээс илүү явая гэхээр өнөө золигын ичимхий зан нүдийг таглаж, хэлийг сугалж орхих юм.
Эцэст нь чадсангүй ээ гээд арчаагүй царайлаад харихгүй юмсан гэж л 2 жилийн эцсийн өдрийг зураглаж сууна.
Хавар гэхэд хүнтэй наана уу цаана уу гээд чөлөөтэй гангар гунгар хийдэг болмоор байх юм.
Хичээлийг бол сонсоод уншаад явхаар бас яахав 50 хувь ойлгоод явж болохоор мэт.
Эргэн тойрон даруй бараг 2 дахин дүү хүмүүс байна.
Насаа мартаад дунд нь орчих гээд байх юм.
Би чинь одоо 18-тай л хүн юм бишүү бараг.
Уул нь ганцаараа болвол бясалгаад өөртэйгөө яриад эргээд БИ-гээ олоод өөрийгөө таниад өөртөө өөрчилөлт хийгээд харина гэсэн том төлөвлөгөөтэй юм.
Яг байдгаараа харьмааргүй л байх юм.
Энэ надад олдож байгаа 2 жил бол миний амьдралд надад дахиж олдохгүй боломж юм л даа.
Өнөө өглөө өөрөөсөө асуув.
Алив чи 15 жилийн өмнө л гадаадад мастерт сурна гэж бүлтрээд томроод байсан хаанав?
Иймхэн л амьтан байж шүү дээ чи гээд л.
Тэр үед гадагшаа л явж сурвал болчих гээд байх шиг санагддаг байж билээ.
Элий балай хүн шиг л ийм юм бичиж сууна.
Яг энд бичигдсэн зүйлсийг дэлгэрүүлбэл би бүүр 50 ангитай солонгос драма бичихээр байх шигээ.
Тийм их бодол миний энэ тархинд байна.
Энийг бага багаар ингээд гаргаж л байх гэж чамд хандаад байгаа минь энэ шүү дээ бурхан тэнгэр, будда минь.
No comments:
Post a Comment